Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Бундеслигийн 24-р тойргийн тойм

  Б.Баяржаргал 2017-03-13 681

Байерн Мюнхен 10 оноогоор тасарч эхэллээ 

Сүүлийн дөрвөн жил дараалан бундеслигийн аваргын цомыг өргөөд байгаа Байерн Мюнхенчүүд 24-р тойргийн хүрээнд Франкфурт клубыг талбай дээрээ хүлээн авлаа. Тоглолтын эхнээс талбайн эзэд илт илүүрхэж байсан. Эхний хагасын төгсгөлд ердөө гурван минутын зайтай хоёр ч гоолыг оруулжээ. Эхний гоолыг 38 дахь минутад Польш довтлогч Роберт Левандовски хоосон шахуу хаалганд хийсэн. Томаш Мюллер түүнд бүгдийг бэлдэж өгсөн гэхэд болно. Төд удалгүй Бразил хагас хамгаалагч Дуглас Коста тооны харьцааг 2:0 болгон холдуулсан. Арьен Роббены зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг чулуу болгосноор энэ улирлын 21 дэх гоолоо оруулсан байна. Ийнхүү эхний хагаст талбайн эзэд илүүрхлээ баталгаажуулсан. Сүүлийн хагаст ч дахин нэг гоолыг нэмснээр тоглолт 3:0 харьцаатай өндөрлөжээ. 55 дахь минутад эхний гоолын эзэн Роберт Левандоски дахин нэгийг нэмж, дүбль толилууллаа. Тэд ингэснээр 59 оноотой лигийн хүснэгтийг хол тасархай тэргүүлж, нийт 27 дахь цомоо өргөхөд дахин нэг алхам ойртжээ.

Лейпциг хоёр дараалан ялагдав

Тэгвэл аваргуудын араас тууштай нэхэж байсан Лейпциг өмнөх тойрогт ялагдаж, зөрүүг улам холдуулсан. Энэ удаад талбай дээрээ даруухан амжилттай яваа Вольфсбург клубыг хүлээн авлаа. Тоглолтын турш ердөө ганц гоол орсон. Эхний хагасын ес дэх минутад зочилон тоглосон чононуудаас довтлогч Марио Гомез гоолдож, багтаа ялалт авчирлаа. Талбай дээрээ хоёр дараалан ялагдсан Лейпциг хэдийгээр хоёрдугаар байраа хадгалан үлдсэн ч Байерн Мюнхенээс 10 оноо дутуу үлдэж байна. Үлдсэн тойргуудад энэ оноог нэхнэ гэдэг бол маш хүнд даалгавар. 24-р тойрогт ялалт байгуулсан Вольфсбург 26 оноотой болж, 14-р байранд дэвшин бичигдлээ.

Боруссия Дортмунд хүснэгтийн хоёрдугаар байрын төлөө өрсөлдөх боломжоо алдав

24-р тойргийн хамгийн сонирхолтой тоглолтыг хүснэгтийн дээгүүр бичигдэж байгаа Херта Берлин, Боруссия Дортмунд клубууд хийлээ. Тоглолтын салхийг талбай дээрээ тоглосон Херта Берлинчүүдээс довтлогч Саломон Калу хагалсан. 11 дэх минутад хар шаруудын хамгаалагчид маш бүдүүлэг алдаа гаргасныг уучилсангүй. Эхний хагаст дахин гоол ороогүй. Талбайн эздийн давамгайллаар өндөрлөсөн. Сүүлийн хагасын 55 дахь минутад мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа Боруссиягийн довтлогч Пиерь Эмэрек Абумьянг гоолдож, тооны харьцааг тэнцүүлжээ. Хар шарууд өнгөрөгч долоо хоногийн дундуур болсон Аваргуудын лигийн шөвгийн 16-н тоглолтод Бенфикаг 4-0 харьцаатай шүүрдэхэд түүний оролцоо их байлаа. Гэхдээ энэ тойрогт ялагдах хувьтай байж. Эцсийн цэгийг хатгасан довтолгоог талбайн эздээс Марвин Платенхардт хийжээ. Ийнхүү 2:1 харьцаатай Херта Берлин ээлжит ялалтаа байгуулж, хэрэгтэй гурван оноогоо салгалаа. Тэд нийлбэр 40 оноотой хүснэгтийн тавдугаар байранд бичигдэж байна. Хэдийгээр ганзага хоосон буцсан ч гэсэн Боруссия Дортмунд клуб 43 оноотой хүснэгтийн гуравдугаар байраа хадгалан үлджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө