Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бундеслигийн 23-р тойргийн тойм мэдээлэл

  Б.Баяржаргал 2017-03-06 909

Кёлн 0:3 Байерн Мюнхен

Сүүлийн жилүүдэд бундеслигт босоо байгаа Байерн Мюнхенчүүд энэ жил ч аваргын цом өргөх магадлалтай байна. Тэд 23-р тойргийн хүрээнд Кёлн клубын талбайд зочилон тогложээ. Тоглолтын эхнээс илт илүү байсан зочид 25 дахь минутад гоолын салхийг хагалсан байна. Хавьер Мартинез баруун жигүүрээс ирсэн довтолгоог нэмж, багтаа тэргүүллийг авчирсан. Эхний хагаст дахин гоол орсонгүй. Харин сүүлийн хагас эхлээд ердөө гуравхан минут үргэлжилж байхад Байернаас Хуан Бернат багийнхаа хоёр дахь гоолыг оруулжээ. Тоглолтын эцсийн цэгийг мөн л зочид тавьж, 90 дэх минутад Фрэнк Рибэри гоолдсон. Улмаар тоглолт үндсэн цагт 3:0 харьцаатай Байернчуудын ялалтаар өндөрлөж, нийлбэр 56 оноотой хүснэгтийг илт давуу тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин талбай дээр ялагдсан Кёлн 33 оноотой хүснэгтийн 7-р байранд ухран бичигджээ.

Боруссия Дортмунд 6:2 Байер Леверкузен

Энэ тойрогт үзэгчдийг хамгийн олон гоолоор мялаасан тоглолт Боруссия Дортмунд, Байер Леверкузен багийн хооронд өрнөлөө. Талбай дээрээ тоглосон хар шарууд 6:2 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэсэн. Тоглолтын эхний хагаст Дэмбэлэ, Абумьянг нар тус бүр нэг гоолыг оруулж, зочдыг хүнд байдалд оруулсан гэхэд болно. Улмаар сүүлийн хагаст тэдний гоолын бороо үргэлжилж Абумьянг, Пулисич, Андре Шюрле, Рафаел Гуррейро нар ялалтыг баталгаажуулжээ. Харин зочилон тоглосон Леверкузенээс Кевин Волланд, Венделл нар гоолдсон ч хангалтгүй байлаа. Тоглолт үндсэн цагт 6:2 харьцаатай Боруссия Дортмундын ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр хар шарууд нийлбэр 43 оноотой болж, хүснэгтийн 3-р байранд дэвшин бичигдлээ. Харин Леверкузен 30 оноотой 10-р байр хүртэл унажээ.

Аугсбург 2:2 Лейпциг

23-р тойргийн хүрээнд Аугсбург талбай дээрээ хүснэгтийн тэргүүлэгчдийн нэг Лейпцигийг хүлээн авлаа. Эхний гоолыг талбайн эзэд оруулсан байна. Грекийн үндэсний шигшээ багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Константинос Стафилидис 20 гаруй метрийн зайнаас нэгэн гайхалтай гоолыг толилуулжээ. Гэвч үүнээс ердөө долоон минутын дараа Лейпциг тооны харьцааг тэнцүүлсэн байна. Мэргэн буучдын жагсаалтын дээгүүр бичигдэж байгаа довтлогч Тимо Вернер хаалгачын эсрэг ганцаараа гараад багийнхаа эхний гоолыг орууллаа. Эхний хагас ийнхүү 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Сүүлийн хагасын 52 дахь минутад Лейпцигээс Марвин Комппер булангаас ирсэн дамжуулалтыг чулуу болгон давуу талыг багтаа авчирсан байна. Гэвч энэ тоглолт тэнцээгээр өндөрлөж, оноо хуваах байжээ. 60 дахь минутад талбайн эздээс Мартин Хинтэрэггэр эцсийн цэгийн хатгаснаар багууд 2:2 харьцаатай эвийн гэрээ байгууллаа. Ингэснээр Лейпциг 49 оноотой хүснэгтийг тэргүүлэгч Байернчуудаас долоон оноо дутуу бичигдэх болж байна. Энэ улиралд тийм өндөр амжилт үзүүлэхгүй байгаа Аугсбург 28 оноотой хүснэгтийн 12-р бичигдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө