Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Насанд хүрэгчдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт үргэлжилж байна

  Г.Бадамлянхуа 2019-05-20 488

Насанд хүрэгчдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт анх удаа зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг Булган аймгийн Могод сумын харьяат, волейболын олон улсын хэмжээний мастер Нямжавын Содномдоржийн нэрэмжит болгожээ. Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээнд Булган, Дархан, Хэнтий, Алтайн барс, Эрчим, Замчин1, Замчин2, Уурхайчин, Баянхонгор, Орхон, Хасу, Эрчис тал гэсэн 12 эрэгтэй баг оролцож байна. Харин эмэгтэй ангилалд Булган1, Булган 2, Эрдэнэт үйлдвэр-Уурхайчин, Орхон, Хилчин гэсэн эмэгтэй таван баг оролцож байгаа юм. Баг тамирчдын бэлтгэл сургуулилт сайн, тэмцээн өрсөлдөөнтэй болж байгааг зохион байгуулагчид болон тамирчид онцоллоо.

Булган аймагт анх удаа болж байгаа Волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг тус аймгийн харьяат, волейболын олон улсын хэмжээний мастер Н. Содномдоржийн нэрэмжит болгожээ. Ихэвчлэн Улаанбаатар хотод зохион байгуулагддаг энэ тэмцээн Булган аймагт болж байгаа нь чухал үйл явдал хэмээн ОУХМ Н.Содномдорж ярьж байна. Аймгийн волейболын холбооны үйл ажиллагаа, Булганы тамирчдын ур чадвар ямар түвшинд хүрснийг энэ тэмцээн илтгэнэ гэлээ.

Булган аймгийн волейболчид монгол улсын волейболын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг ахмад тамирчид ярьж байлаа. Өсвөрийн болон насанд хүрэгчдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд Булганы тамирчид медальт байранд шалгарсаар ирсэн. Энэ буухиаг үеийн үед үргэлжлүүлж, бага залуу тамирчдаа дэмжиж ажиллахаа аймгийн удирдлагууд, холбогдох албаныхан илэрхийлж байна.

Насанд хүрэгчдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Булган аймгийн Волейболын холбооноос Монголын волейболын холбоо, Булган аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Тэмцээн энэ сарын 24-ийг хүртэл үргэлжлэх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө