Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пхеньянд уламжлалт марафон гүйлтийн тэмцээн боллоо

  Б.Оюун 2019-04-08 510

Умард Солонгост жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын марафон гүйлтийн тэмцээн энэ амралтын өдөр боллоо. Дэлхийн 40 гаруй улс орны мянгаад тамирчин, сайн дурын иргэд Пхеньяны марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг 1981 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын эхэнд Умард Солонгосын Үндэсний баяр болох Аугаа удирдагч Ким Ир Сены мэндэлсэн өдөр буюу Нарны баярын өмнө зохион байгуулдаг юм.

Энэ жил Пхеньяны олон улсын марафон гүйлтийн тэмцээн 30 дахь удаагаа болжээ. Тэмцээнд дэлхийн 40 гаруй улс орноос нийтдээ мянгаад хүн оролцсон байна. Энэ нь өнгөрсөн жилийн марафон гүйлтийн тэмцээнд оролцсон тамирчдаас бараг хоёр дахин олон хүн оролцсон хэрэг болжээ.

Марафон гүйлтийн тэмцээн уламжлал ёсоор Ким Ир Сены нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнгээс Умардын анхны тэргүүний мэндэлсэн газар болох Мангёндэ суурин хүртэлх зам дагуу үргэлжилсэн байна. Марафонд оролцож байгаа тамирчдыг дэмжин замын хоёр талаар нутгийн иргэд эгнэн зогсч, амжилт хүсэн баяр хүргэж байжээ. Тамирчид Пхеньян хотын гол байгууламжууд болох Талархлын арк, Их Театр, мөн Тэдонган гол дагуух газраар хурд хүчээ сорин гүйцгээсэн байна.

Пхеньяны олон улсын марафон гүйлтийн тэмцээнд эмэгтэйчүүдээс Умард Солонгосын тамирчин Ли Гван Ок түрүүлж барианд орсон бол эрэгтэйчүүдээс түүний нутаг нэгт Ли Кан Пом тэргүүлсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө