Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

FT: BREXIT-ИЙН АСУУДЛААР ДАХИН БҮХ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ МАГАДГҮЙ

  М.Даваадулам 2018-09-24 1303

Их Британи улс Европын Холбоотой Brexit-ийн асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа талаарх мэдээллийг бид өнгөрсөн долоо хоногт хүргэсэн. Австрийн Зальцбург хотод болсон ЕХ-ын лидерүүдийн албан бус уулзалтын дүнд шинжээчид ийм таамаглал дэвшүүлсэн. Тэгвэл Brexit явуулах эсэх асуудлаар дахин бүх ард түмний санал асуулга явуулж магадгүй талаар Financial Times мэдээллээ. Их Британийн сөрөг хүчний Лейборист намын гишүүдийн дийлэнх ийм саналтай байна.

Тодруулбал, Financial Times сонины явуулсан санал асуулгаар Лейборист намын гишүүдийн 86% дахин бүх ард түмний санал асуулга явуулахыг хүсч байна. Мөн намын гишүүдийн 91% Их Британи улс ЕХ-ноос гарснаар эдийн засгийн асар их хохирол амсана гэж үзэж байна.

YouGov судалгааны албаны явуулсан санал асуулгад Лейборист намын 1,054 гишүүн хамрагджээ. Санал асуулгад оролцогсдын 8% нь л дахин Brexit-ийн асуудлаар ард иргэд дунд санал асуулга явуулахыг эсэргүүцсэн байна.

Дахин санал асуулга явуулах эсэх асуудлыг өчигдөр Ливерпүүл хотноо эхэлсэн Лейборист намын хурлаар хэлэлцэж байна.

Лейбористууд анхлан Brexit-ийг эсэргүүцэж байсан бол одоо харин “зөөлөн” хувилбарыг дэмжиж байна.

 “Зөөлөн” гэдэг нь Их Британи улс хэдий ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсан ч, Хил гаалийн холбоо болон нэгдсэн зах зээлийн оролцогч, тоглогч хэвээр үлдэнэ. Энэ бол Норвеги улсын жишээ. Энэ сонголтыг Их Британийн сөрөг хүчнийхэн, ялангуяа Brexit-ийг эсэргүүцэгчид дэмжиж байгаа. Гэхдээ Европын нэгдсэн зах зээлд гарцтай байсны хариуд Лондон визийн чөлөөт бодлого баримтлах ёстой. Тэгвэл улс орондоо хэнийг оруулахаа өөрсдөө шийдэх болно гэж Brexit-ийг дэмжигчид үзэж, энэ бодлогыг эсэргүүцэж байна.

Харин “хатуу” Brexit гэдэг нь ЕХ-ны эдийн засгийн бүх л бүтцээс гарна гэсэн үг. Тэр дундаа Хил гаалийн холбоо болон нэгдсэн зах зээлээс гарна. Ингэснээр Лондон ЕХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулна. Энэ бол Канад улсын жишээ. 2016 онд Канад улс ЕХ-той үүнтэй ойролцоо утга агуулга бүхий гэрээ байгуулсан. Хэрэв ийм тохиролцоонд хүрэхгүй бол Их Британи улс ямар нэгэн гэрээ хэлцэл урьдчилан хийлгүй ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах болж байгаа юм. Үүнийг евроскептикүүд дэмжиж байгаа. Өөрийн импортын татвараа тэглэж, Дэлхийн худалдааны байгууллагын нэгдсэн дүрэм журмыг баримтлахыг тэд санал болгож байна.

Аль замыг сонгохоос үл харгалзан Brexit 2019 оны 3-р сарын 29-ний 23:00 цагт болно. Үүний дараа төлөвлөгөөний дагуу шилжилтийн үе эхлэх бөгөөд шилжилтийн үе 2020 оны 12-р сарын 31-нээр дуусгавар болно. Энэ хугацаанд ЕХ-ны бусад гишүүн орны иргэд Их Британид визгүй, чөлөөтэй зорчих эрхтэй байх ч, Лондон өөрийн нөхцлийн дагуу худалдааны гэрээ хэлцэл байгуулах эрх нь нээгдэнэ. Гэхдээ эдгээр гэрээ хэлцэл шилжилтийн үе дууссаны дараа буюу 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих учиртай юм.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн хувьд “хатуу” болон “зөөлөн” хувилбарыг хослуулахыг хүсч байгаа ч, ЕХ үүнийг нь дутуу дулимаг гэж шүүмжилж байна. Тереза Мэйн хувьд анхнаасаа ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахыг эсэргүүцэж байсан. Гэвч ард түмэн сонголтоо хийсний дараа ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, Brexit-ийн асуудалд шилжсэн. Хатагтайн Мэйн хувьд “муу хэлэлцээр хийснээс, хийгээгүй нь дээр” гэсэн зарчим баримталж байгаа бөгөөд “ямар ч тохиолдолд Brexit болно” гэж үзэж байна.

2017 оны 6-р сарын 19-ний өдөр Brexit-ийн нөхцлийг зөвшилцөж эхэлсэн

 Лондон болон Брюссель албан ёсоор 2017 оны 6-р сарын 19-ний өдөр Brexit-ийн нөхцлийг зөвшилцөж эхэлсэн. Үүнээс нэг жилийн дараа Лондон “Цагаан ном” нийтэлсэн. Энэ номонд Тереза Мэйн Засгийн газар Европын нэгдсэн зах зээлийг, Хил гаалийн холбоог орхиж, чөлөөт худалдааны шинэ бүс байгуулна гэж тусгасан юм.

Энэ оны 7-р сарын 6-ны өдөр баталсан тус баримтад харин хил гааль дээр ачаа тээшийг шалгахгүй байх хил гаалийн загварчлалыг санал болгожээ. ЕХ-ны бусад гишүүн орны иргэд чөлөөтэй зорчих нь зогсож, визийн тогтолцоо нэвтрүүлнэ. ЕХ-ны шүүх байгууллагуудын Их Британийн нутаг дэвсгэр дэх үйл ажиллагааг зогсоох ч, Лондон урьдын адил Европын зарим агентлагт санхүүгийн хураамж үргэлжлүүлэн төлнө гэж “Цагаан номонд” заажээ.

Энэ баримт бичиг бол Брюссельд хэтэрхий их буулт хийж өгсөн явдал хэмээн үзэж Brexit-ийн асуудал эрхэлж байсан сайд Дэвид Дэвис, Гадаад хэргийн сайд Борис Жонсон нар өөрсдийн хүсэлтээр огцорсон. Борис Жонсон тус баримтыг “амиа золиослогчийн бүс”-тэй зүйрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, Их Британи улс урьдын адил Европын холбооны дүрэм журмыг дагах бөгөөд гэхдээ санал хэлэх эрхээ ч хасуулна гэж тэрээр тайлбарласан.

            Brexit-ийн асуудлаар “наймаалцах” ажиллагаа үргэлжилж байна

ЕХ-ны тавьж байгаа бас нэгэн шаардлага бол Их Британи, Ирландын хилийн асуудал. Холбогдох зөвшилцөлд хүрэхгүйгээр Brexit-ийн гэрээг үзэглэхгүй гэж Европын Холбооны мэдэгдлээ. Австрийн Зальцбург хотноо өнгөрсөн долоо хоногт болсон ЕХ-ны албан бус уулзалтын дүнд Европын Зөвлөлийн тэргүүн Доналд Туск ийнхүү мэдэгдсэн юм.

 ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэж байгаа Ирланд улс мөн Их Британийн вант улсын бүрэлдэхүүнд ЕХ-ноос гарч байгаа Умард Ирланд улс хоорондын хил гаалийн зохицуулалт хэлэлцээрийн гол асуудлын нэг. Хоёр тал хоёул энэ хил хүмүүс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд нээлттэй үлдээсэй гэж хүсч байна. Ингэхдээ Европын нэгдсэн зах зээлийн бүрэн бүтэн байдлыг ганхуулахгүйгээр холбогдох шийдвэр гаргах нь бэрхшээлтэй.

Одоогоор “наймаалцах” үйл явц үргэлжилж байна. Лондон Брюссельд хандан талууд худалдааны зөвшилцөлд хүрэхгүй бол тохиролцсон 51 тэрбум ам.долларын төлбөрөө төлж барагдуулахгүй гэж “сүрдүүлээд” амжжээ. Европчууд Англичуудад хандан эсрэгээр эв найрамдалтай “салахыг” санал болгож байгаа бөгөөд хариуд нь нэгдсэн зах зээлийн зарчмыг хүндэтгэхийг шаардаж байна.

Европын зөвлөлтийн тэргүүн Доналд Туск ирэх сарын 17-18-ны өдрүүдэд ЕХ-ны яаралтай дээд хэмжээний уулзалт зарласан. Их Британийн ЕХ-ноос гарах асуудлыг хэлэлцэнэ. Австрийн Зальцбург хотноо болсон ЕХ-ны албан бус уулзалтын дүнд ийм шийдвэр гаргажээ.

Их Британи улс 2016 оны зун бүх ард түмний санал асуулга явуулж, ард иргэдийн 51.9% ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахыг хүссэнээр, Brexit-ийг эхлүүлсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө