Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ зун цаг агаар ямар байх вэ

  Т.Бадамханд 2018-05-17 5953

  Жилийн 4 улиралтай манай орны хувьд цаг агаарын байдлаас шалтгаалсан асуудал олон гардаг. Хамгийн таатай уур амьсгалтай, хамгийн их ажил өрнөдөг, иргэд амралт зугаалгаа төлөвлөдөг зуны улирал зурхайн тооллоор эхлээд байна. Иргэдийн хувьд зуны амралт, зуны цаг агаар ямар байхыг хамгийн их сонирхож амралт зугаалгаа төлөвлөдөг юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт нутгаар хур тунадас бага, ихэнх нутгаар гандуу байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ зун 12-20 хэмийн дундаж дулаантай, 47-100 мм хур тунадас унана гэсэн урьдчилсан ерөнхий төлөв гарчээ. Зуны улирал 3 хан сар үргэлжилнэ Энэ хугацаанд цаг агаар ямар байх нарийвчилсан төлөвийг судлаачид хараахан гаргаж амжаагүй байна. Хаврын нөхцөл байдал хүндхэн, хур тунадас бага, хуурайшилт ихтэй  өнгөрснийг ган болох нь гэж таамаглах хүмүүс их байна. Гэхдээ одоогийн төлөв байдлыг ажиглахад ган болсон гэх зүйл байхгүйг мэргэжилтнүүд хэллээ. 5-р сарын 15 болон 16-ны өдөр баруун болон хойд, төвийн бүсийн нутгаар 20 мм орчим хэмжээтэй хур тунадас буусан ч хөрсөнд хангалттай хэмжээнд чийг өгөхүйц байж чадахгүй байна гэдгийг албаныхан хэлж байна.

Гэхдээ зуны турш бороо чийг багатай байна гэсэн үг биш. 5 сарын сүүлийн өдрүүдэд хур тунадас орж байгаль дэлхийн өнгө сэргэх төлөв харагдаж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Зарим мэргэжилтнүүд ган гачиг болж магадгүй гэсэн сануулга өгч эхэлсэн. Хэрвээ гантай байвал манай орны эдийн засгийн гол түшиц болсон томоохон салбаруудад сөргөөр нөлөөлнө. Хөдөө аж ахуйн салбар. Үүн дотроо газар тариалангийн бүс нутагт томоохон хохирол авчирдаг юм.  Гантай хуурайшилт ихтэй жилд газар тариалангаас авах үр тариа хомсдож гурил тэжээлээ импортоор өндөр үнээр авахаас өөр аргагүйд хүрдэг юм. Ийм гашуун туршлага ч бидэнд бий. Өнгөрсөн хугацаанд 100 мянган улаанбуудай хойд хөршөөс авч байсан юм. Цаг агаараас бүрэн шалтгаалдаг дараагийн нэг салбар бол мал аж ахуй. Мал сүрэг тараг тэвээрэг авч ашиг шим өгөх нь бэлчээрийн гарцаас шалтгаалдаг. Энэ хаврын хувьд хур тунадас бага байснаас монгол орны зүүн бүсийн бэлчээр дийлэнх нь хуурайшилттай гандуу байсаар байна. Харин баруун болон баруун хойд зүгийн нутгаар цаг агаар таатай байгаа мэдээллийг өгч байгаа юм.  Жилээс жилд нийт нутгаар хур бороо орох нь эрс багассан. Өвөл унасан цас-чийг болж амжилгүй хатаж байгаа, хавартаа хур тунадас бага орж байна гээд малчид тариаланчдын хувьд цаг агаар тийм ч таатай биш байна.  

 Нэгэнт хур бороо бага хуурайшилттай байгаа энэ үед авах арга хэмжээ бол үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах явдал юм. Манай улс 2007 оноос энэ талаар хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Улсын төсвөөс жил бүр үүлэнд нөлөөлөх ажилд 1000-1200 пуужин, генераторийн түлш зэрэг зориулан 800 орчим сая төгрөгийг төсөвлөдөг байна. Гэхдээ энэ нь хангалттай хүрэлцдэггүйг албаныхан хэллээ. Ирэх онд дээрх төсвийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм байна. Гэхдээ үүлэнд нөлөөллөө гээд нийт нутгаар бороо оруулж чадахгүй. Зөвхөн үүлтэй хэсэгт л цаг агаарт нөлөөлөх боломжтой юм. Энэ ажил ч эхэлсэн байна. Цаг уур орчны шинжилгээний газраас өнгөрсөн хавар 20 аймагт 47 удаа 144 пуужинг харваж хөрсөнд чийг өгөх ажил хийжээ.  

Пуужин харвахдаа үүлний массын хэмжээ, усархаг чанарыг харгалзан үздэг. Харин харваж байгаа пуужин нь үүлэн дэх усан дуслуудыг нэгтгэж газар унагах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Нэг удаа бороо оруулахад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах, хэдэн пуужин харвах зэрэг тооцоо нарийн гаргах боломжгүй байдаг байна. Тухайн үүлний услаг байдал зэргээс шалтгаалж 2-5 пуужин хэрэглэх нь ч байдаг юм. Энэ бүхний ард хөрөнгө мөнгө яригддаг учраас байнга үүлэнд нөлөөлөх боломж тэр бүр байхгүй байгааг мэргэжилтнүүзд тайлбарлаж байна.

 Манай улсын хувьд дэлхийн дулаарал хамгийн хурдтай явагдаж байгаа бүс нутагт багтдаг. Модны цагирагны тусламжтайгаар Монгол орны ган гачигийн ирээдүйн нөхцөл байдал болон өнгөрсөн түүхийг гаргасан байдаг. Судалгаагаар манай улсын нутагт ган гачиг тохиолдсон хамгийн хүнд үе нь 1000 орчим жилийн өмнө байжээ. Үүнээс хойш дэлхий дээр жилийн дөрвөн улирал ээлжилдэг орнуудаас хамгийн таатай уур амьсгалтай нь байсан байна.  Харин сүүлийн жилүүдэд болсон ган ганчиг голдуу хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотойг судлаачид тогтоожээ. Жилдээ 500 орчим булаг шанд, нуур цөөрөм ширгэсэн гэдэг мэдээллийг ч байгаль орчны яам гаргаад байгаа юм. Гол шалтгаан нь бас л хүний буруутай үйл ажиллагаа гэдгийг онцолжээ. Олон улсын байгууллагууд ч хэт хуурайшилтын шалтгаан нөхцөлийг тогтоосон байдаг. Хуурайшилтийн гуравны нэг нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотойг онцолсон байна. Манай улсын хувьд хүний буруутай үйл ажиллагаанд хяналт тавьж, байгаль дэлхийгээ хамгаалж чадвал хатуу ган ганчиг болох эрсдэл хамгийн бага гэдгийг эрдэмтэд нотолжээ. Цаг агаар зуны турш ямар байхыг урьдчилан яг таг хэлэх боломжгүй. Гэхдээ цаг агаарыг өөр өнцгөөс хардаг хүмүүс олон бий. Энэ нь шашинтай холбоотой. Энэ талаас тайлбарлавал одоогийн бидний амьдарч байгаа цаг үеийг усан жаран гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хур бороо хамгийн их жаран жил үргэлжилнэ гэж ойлгож болох юм. Харин энэ жилийн  Шороон нохой жилийн зурхайн зурлагад хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас бага гэж буужээ.

                       Өнөөдрийн онцлох сэдэв: "Энэ зун цаг агаар ямар байх вэ" сурвалжлагыг 21 цагт "Цаг" хөтөлбөрөөр дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан