Үйл явдал

Хятадын зүүн хойд хэсгийн Харбин хотод энэ амралтын өдрүүдэд уламжлалт цас мөсний баяр эхэллээ. Харбин хотын төвд тун удахгүй мөсөн хотхон байгуулж, өвлийн аялал жуулчлалын улирал эхэлснийг мэдэгдэх юм. 

Харбин хотод жил бүрийн өвөл цас мөсний баяр хийж, гадаад дотоодын аялагч жуулчдын зорин очдог газар болдог юм. Харбин хотын уран гартнууд Сунхуа голоос авчирсан болор шиг тунгалаг мөсөөр янз бүрийн мөсөн баримал урладаг байна. Энэ жил Харбины мөсөн хотхоныг барьж байгуулахад 120 мянган куб/м мөс бэлтгэжээ. Сунхуа голын эргийн ойролцоо өвлийн уламжлалт цас мөсний баярын нээлт болж, өвлийн өвгөний дүрд хувирсан нутгийн иргэд голоос мөс бэлтгэх ажилд туслан, Харбинд байгуулах мөсөн хотхоны мөсийг бэлдсэн байна. Мөсөн хотхоныг босгохын тулд голын гүнээс, элдэв цууралт байхгүй тунгалаг мөс бэлтгэн авчирдаг байна.  Тун удахгүй Харбин хотноо уламжлалт мөсөн хотхоныг байгуулна.