Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бүсийн наадамд түрүүлж айрагдаж байсан хурдан адууг нь төхөөрөөд явжээ

  Ч.Доржбат 2019-04-19 5109

СҮХБААТАР АЙМАГТ МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨССӨН БАЙНА

Мал хулгайлах гэмт хэрэг  бол илрэхэд хамгийн хэцүү. Учир нь хэргийн газрын ул мөр гэдэг зүйл бараг үлддэггүй. Тиймээс малын хулгайтай тэмцэх хамгийн бодит арга бол малаа хулгайд алдахаас  урьдчилан сэргийлэх юмаа. ТВ5 телевизээс санаачлан хэрэгжүүлж байгаа мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх “Шинэ хөдөө” зорилтот төсөл нэвтрүүлгийн баг , Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамран зүүн аймгуудад ажиллаж, малчдыг санал сэтгэгдлийг сонсож, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай яриа таниулга хийлээ. Тухайлбал Сүхбаатар аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ.

Өнгөрсөн оны эхний улиралд 34 мал хулгайлах гэмт хэрэг аймгийн хэмжээнд гарч байсан бол, энэ тоо энэ оны эхний улирлын байдлаар 45 болж нэмэгджээ. Бүр улс бүсийн наадамд айраг түрүү хүртэж байсан хурдан морийг нь нэг шөнийн дотор бэлчээр дээрээс төхөөрөөд явсан тохиолдол ч гарсан байна.

Аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгаас зөвхөн энэ оны эхний 03 сард 121 сая төгрөгийн хохиролтой 26 холбогдогчтой, 104 бод, 170 бог мал хулгайлсан малын хулгайн 21 гэмт хэргийг илрүүлж мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна.Мөн гэмт хэрэг өссөн шалтгаан нөхцөлийг судлахад Дорноговь, Хэнтий, Дорнод аймагтай хил залгаа сумдын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан аймаг дамжин иргэдийн бод, бог малыг нядалж,  автомашинд ачиж хулгайлдаг бүлэглэлүүд байсныг ирүүлжээ.Нэгэнт гэмт хэргийн нөхцөл хүндрэл төлөвтэй байгаа учраас аймаг орон нутаг, цагдаагийн байгууллага онцгой анхаарал хандуулж дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Мөн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын бүлэг байгуулж тодорхой хэсэгт үр дүнгээ ч өгсөн байна.

Малчдын зүгээс цаашид орон нутаг, цагдаагийн байгууллагатайгаа хамтран бүлэг зохион байгуулалтад орж, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хүсэлтэй байгаагаа уламжилж байна. Энэ хүрээнд ТВ5 телевизээс эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, хууль зүйн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа Шинэ хөдөө төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө