Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНД БУУН ДУУ ГАРЛАА

  Ч.Доржбат 2018-09-12 1425

   Нутгийн уугуул гурван иргэн Отгонтэнгэр хайрханы бэлд байх Бадархундага нууран дээр өчигдөр өглөө буюу 09 сарын 10-ны өдөр мөргөж залбирахаар очжээ. Тэднийг очих үед үл мэдэх гурван хүн шуудай дүүрэн юм үүрээд Бадархундага нуурнаас бууж явсан байна. Тухайн гурван хүний нэг онцгойн байдлын албанд хэрэглэдэг усанд шумбадаг шумбагчын хувцастай байжээ.

Нэг ёсондоо тухайн гурван иргэн Бадархундага нууранд иргэдийн өргөсөн алт, мөнгөн эдлэл зэргийг шуудайлаад буцаж явсан нь тодорхой байсан байна. Ингээд мөргөхөөр явсан гурван иргэнтэй таарч  сэжиг аваад шууд зугтаасан байна. Харин араас нь Отгонтэнгэр ууланд   мөргөхөөр явсан  гурван иргэний хоёр нь тэднийг хөөжээ.  Гэвч тэд галт зэвсэг нээж  иргэн О хүзүүн тус газраа шархджээ. Тэд гал зэвсэг нээгээд зогсохгүй Бадархундага нуурын бэлээс шууд бууж  бэлд нь  байрлаж байсан  тэдний автомашиныг унаад зугтаасан байна.

Ингээд өөрсдрүүгээ буудуулсан гурван иргэний хувьд сумын төв рүү яаралтай орж шархадсан нэг иргэндээ эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаад мэдэгдсэн байна. Харин энэ даруйд нь буюу өчигдөр орой  Завхан аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хоёр автомашинтай Отгонтэнгэр ууланд очиж сэжигтнүүдээс хоёрыг баривчилж  нэгийг нь алдсан байна. Харин өнөөдөр 15 цагийн үед Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагчид галт зэвсэгтэй зугтаасан нэг иргэнийг  Отгонтэнгэр уулын ойролцоогоос баривчилсан байна. Сэжигтүүд гурван хүн байсан. Хоёр нь казак иргэн байсан гэдэг албан бус  мэдээлэл ч байна. Харин хүзүүн тус газраа буудуулсан иргэний хувьд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад өнөөдөр орой орон нутгийн нислэгээр Улаанбаатар хотод ирсэн байна.

 Отгонтэнгэр хайрханыг Монголчуудын буян заяа, хойч ирээдүйг даадаг хайрхан гэдэг. Энэ ч утгаараа Монголчууд энэ хайрхан уулаа эрт дээр үеэс шүтэж,  Бадар хундага нуурандаа өргөл барьц болох алт,  мөнгө эдлэл өргөн  даатган залбирдаг юмаа. Харин түүнд нь шунасан, шунахай сэдэлтнүүд хүний ёсонд баймааргүй зүйл хийж явсан байж болзошгүй байна. Энэ хэргийг Одоогоор Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж эхлээд байгаа гэсэн мэдээлэл байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө