Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БАЯНЗҮРХИЙН ТОВЧОО, ЯАРМАГ ОРЧМЫН ЗАМУУДЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА

  TV5 News 2018-09-11 919

   Зарим замын засвар, өргөтгөлийн ажилтай холбоотой хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо орчмын авто зам засварын ажил, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

 Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, засварлах, өргөтгөл шинэчлэл хийх гэж байна. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам эвдрэлтэй байдгаас хөдөлгөөний эрчим удааширч, осол аваар гарах, авто машин түгжирдэг байсан. Энэ орчимд 4-5 км газар авто машины түгжрэл үүсдэг байсан. Баянзүрхийн товчоог буулгасан. Дээрх нөхцөл байдалд холбогдуулан засварын ажил эхлэх гэж байна. Баянзүрхийн товчооноос гүүр хүртэлх, Богд уул руу эргэх хүртэл замд засвар өргөтгөлийн ажил хийгдэж 4 эгнээтэй болох юм. Энэ ажлыг бид маш хурдан хугацаанд буюу 10 хоногт багтаан засварлахаар төлөвлөсөн. Энэ сарын 11-21-ний хооронд замыг хэсэгчлэн хаана. Баянзүрхийн товчооноос Богд уулын зам хүртэлх далангийн барилгын ажил эхэлсэн” гэлээ.

Хөдөлгөөний ачааллыг багасгах, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүднээс түр замуудыг нээсэн. Баянзүрхийн товчооны гүүрээр урагш далан эргээд төмөр замын зурвасын хойд замыг сонгож зорчсоноор тус түр зам Богд уулын замтай нийлэх юм. Энэ замаар зөвхөн бага оврын тээврийн хэрэгсэл зорчино.

Харин Замын-Үүд орон нутгаас ирж байгаа том оврын ачаа тээшний тээврийн хэрэгслүүд Чойрын замруу эргээд төмөр замын 4-р зөрлөгөөр Төв аймгийн замаар дамжин нийслэл хот руу нэвтрэх боломжтой. Эдгээр хөдөлгөөний зохицуулалтыг тухайн замын цагдаагийн албатай хамтран газар дээр нь зохицуулалт хийх юм.

Мөн Яармагийн гүүрийн урд хэсэг буюу Богд уулын зам, гүүртэй холбогдож байгаа хэсэгт гүүрийн дам нуруу тавих ажил хийгдэнэ. Далангийн Д рамп нь Яармагийн замтай нийлэхдээ хуучин автозамын даланг өргөх ажил эхэлнэ. Энэ ажлыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн замыг хэсэгчлэн хааж гүйцэтгэнэ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан чиглэлд эсрэг урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгох замаар хөдөлгөөнийг зохион байгуулах юм.  

Яармагийн гүүрийг энэ оны 11 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр график хугацааны дагуу ажиллаж байгаа. Хугацаандаа ашиглалтад өгөхийн тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна гэж нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.

Улаанбаатар хотод 534 мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 350 орчим мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтэрчээ. Өдөрт нийслэлийн хэмжээнд 450 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа бий. Тиймээс автозамын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах үүднээс дээрх ажлууд хийгдэж эхэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө