Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шадар сайд Ө.Энхтүвшин Говь-Алтай аймагт бэрхшээл хуримтлагдсаныг онцоллоо

  admin 2018-01-27 1306

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Говь-Алтай аймагт хуваарилсан өвс, тэжээлийн эхний ээлжийн цувааг аймгийн Онцгой комисст өнөөдөр (2018.01.27) хүлээлгэн өгснөөр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинээр ахлуулсан Шуурхай бүлгийн  Говь-Алтай аймагт төлөвлөсөн ажил эхэллээ.

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурлыг нээж, аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга С.Гансэлэмийн мэдээлснээр, тус аймаг нийт 12919 малчинтай, 7183 малчин өрхтэй, 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3.8 сая мал тоологджээ. Одоогийн байдлаар отроор нүүдэллэж байгаа нийт 1083 хүн байгаагийн дотор 5 хүртэлх насны 92 хүүхэд, жирэмсэн эх 11, хөгжлийн бэрхшээлтэй 17, өндөр настан 10 байгаа бөгөөд тэднийг эмнэлгийн үзлэг, хяналтад хамруулжээ.

Аймгийн аюулгүйн нөөцөд 209 тонн өвс, 85 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 622 тонн өвс, 223 тонн тэжээл бэлтгэсэн бөгөөд одоогийн байдлаар дууссан байна. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор 50 сая төгрөг шилжиж ирснээр 62 тонн тэжээл, 40 тонн өвс худалдан авсан байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ оны хоёрдугаар сард илүү хүйтрэх, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул өвс, тэжээл нэмж өгөхийг Засаг дарга С.Гансэлэм Улсын Онцгой комиссоос хүссэний дагуу Говь-Алтай аймагт хуваарилсан өвс, тэжээлийн хэмжээг тус бүр 100 тонноор нэмэгдүүлж, 470 тонн өвс, 340 тонн тэжээл олгохоор шийдлээ.

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр мал, малчдын тухай ярихаас гадна төвд оршин суудаг ард иргэдийн ахуй амьдралын талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Аймгийн төвийн орон сууцнууд, эмнэлэг, сургууль зэрэг байгууллага халаалт муутайгаас өрөө тасалгаанд 20 градусын дулаан хүрэхгүй температуртай, хүйтэн устай өвөлжиж байгааг ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал “Говь-Алтайгаас өөр ийм аймаг Монгол Улсад байхгүй” хэмээв. Хэрэв байгалийн гамшиг, гал түймэр, газар хөдлөлт болбол эдгээр байгууламж хэр тэсвэртэй, гамшгийн эрсдэл гарсан үед иргэд, байгууллага хэрхэх талаар онцгой анхаарч ажиллахыг ОБЕГ-ын дарга санууллаа. Иргэдийн амьдралын орчныг тав тухтай байлгахын тулд Дулааны цахилгаан станц барихыг хүлээлгүй аймгийн төвийн дулааныг хариуцаж авсан хувийн хэвшилд шаардлага тавин ажиллах ёстойг анхааруулав.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү хавар малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ажиллагааг сайжруулах, хорио цээрийн бүсийг эрчимжүүлэх, малын сэг зэмийг устгах үйл явцыг дулаарахаас өмнө тодорхойлохыг үүрэг болголоо. Түүнчлэн МХЕГ-аас  эхний улиралд багтааж мал эмнэлгийн лабораторийн машин олгохоор болсноо аймгийн Онцгой комисст мэдээллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг “Бидний гол анхаарах ажил бол эх, хүүхдийн эрүүл мэнд учраас нярай хүүхэдтэй эхчүүдийг отроос суурин газарт шилжүүлсэн. Аймгийн Онцгой комисст ЭМЯ-наас өгч байгаа чиглэлийн дагуу хамтран ажиллая” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдаааны төгсгөлд “Говь-Алтай аймагт нэлээд хэдэн асуудал хуримтлагджээ. Үе үеийн УИХ, Засгийн газар дээр Говь-Алтайн асуудлыг онцгойлон авч үзсээр ирсэн байдаг. 2018 оны төсөвт ч мөн ялгаагүй. Ус цэвэршүүлэх байгууламж, дулааны цахилгаан станц барих, өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад нь гээд хөрөнгө мөнгө зориулахаар болж байгаа. Хэдий эдийн засгийн бэрхшээлтэй байгаа боловч аймгууд, тэр дундаа Говь-Алтай аймагт гар сунгасаар байгаа шүү” гэж хэллээ. Тэрбээр аймгийн удирдлагад тодорхой үүрэг өгснөөс өвөл, хаврын хүндрэлийг даван туулах хүрээнд Онцгой комисст дараах чиглэлийг даалгалаа.

-Нэгдүгээр сарын 30-ныг хүртэл цаг агаар эрс хүйтрэх урьдчилсан мэдээ гарсан. Энэ өдрүүдэд отроор алс нүүдэллэж байгаа малчидтайгаа холбоо барьж, хүмүүсээ хуваарилан оторчид руу явуулах. Өвс тэжээл, түлш, хоол хүнсний нөөцөө барсан айл байх вий.

-Эрүүл мэндийн газар жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, бага насны хүүхдүүдтэй айл өрхөө хянах, холбоотой байх.

 

-Отроос буцах мал халдвар тээж ирэх магадлалтай учраас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, вакцинд урьдчилан хамруулах ажлыг одооноос төлөвлөж, гүйцэтгэх.

Шадар сайд Ө.Энхтүвшин Говь-Алтай аймгийн Засаг даргатай гэрээ байгуулав

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.27) Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Засаг дарга С.Гансэлэмтэй  2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулан гарын үсэг зурав.

Монгол Улсын хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар Шадар сайд 21 аймгийн Засаг дарга тус бүртэй гэрээ байгуулж, хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг тодорхой болгон харилцан үүрэг хүлээдэг. Шадар сайд энэ удаа Онцгой комиссын даргын хувиар орон нутагт ажиллаж байхдаа орон нутагт Засаг дарга нартай гэрээ байгуулж байгаагаараа онцгой тохиолдол болж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин ийнхүү Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө