Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АСЕМ Монгол улсад үр өгөөжөө өгч эхэллээ.

  Б.Уянга 2016-07-15 2219

          Асемын дээд хэмжээний уулзалт эхнээсээ манай улсад үр өгөөжөө өгч эхлээд байна. Урд хөршид төлөх ёстой 38 тэрбум төгрөгийн өрийг тэглэснээс гадна Хятад улс гэр хорооллын дахин төлөвлөлтөнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.  Хөрөнгө оруулалт хөдөө аж ахуй дэд бүтэц, хөдөө аж ахуйн боловсруулах болон барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулах чиглэлд Монгол улстай хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн.

          Мөн асемын анхааралдаа авдаг гол чиглэлийн нэг болох хүүхдийн асуудлаар хятадууд өгөөмөр хандаж 30 сая доллараар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв бариж өгөхөөр болсон сайхан мэдээ байна.  Төвийг байгуулахдаа зүгээр нэг барилга бариад үлдээхгүй, тоног төхөөрөмж боловсон хүчний асуудлыг цогцоор нь шийднэ гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна БНХАУ-ын ерөнхий сайд Ли Көцян болон МУ-ын ерөнхий сайд Эрдэнэбат нар 15 чухал асуудлыг шийдэх бодлогын баримт бичигт гарын үсэг зурсан байна.  

Эндээс цөөхнийг дурьдвал 500 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрний 129 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын засгийн газрын 500 сая ам долларын хөнгөлттэй тусгайлсан зээлийн хэлэлцээр, МУ-ын хөгжлийн төв, БНХАУ-ын Эксим банк хооронд УБ хотын 7-р хорооллын Жи хэсгийн орон сууцны төслийн санхүүжилтийн гэрээ зэргийг байгуулсан байна.

Хятад улстай эдгээр гэрээ хэлцлүүдийг хийсэн бол Сингапураас гадна  Мальта улстай 30 хоног харилцан визгүй зорчихоор болжээ. 51 орны төлөөлөгчдийн дунд Бүгд найрамдах Мальта улсын ерөнхий сайд Жосеф Муска байгаа юм. Дипломат болон албан паспорт эзэмшигчид Мальта улс руу харилцан визгүй зорчих боломжийг Асемын уулзалт бүрдүүлжээ.   Мальта улс нь Ази Африктай холбосон усан замын уулзвар газарт байрладаг. Манай улс 1979 онд мальта улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй юм. Мөн үүнээс гадна Монгол улстай 2 орны худалдаа хөрөнгө оруулалт болон боловсролын чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.

Асемын өндөр дээр түвшний уулзалтын үр дүн ингээд тогтохгүй. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын ерөнхий сайд Нгуен Суан Фук уулзалтын үеэр Монголын түүх дурсгалын өв болон үлдсэн Богд хааны ордон музей, Чойжин ламын сүмийг засварлахад туслах боломжтой гэдгээ илэрхийлжээ. Монгол улстай шашин шүтлэг,мал аж ахуй эрхлэлтээр ижил төстэй Вьетнам улсын хувьд арьс шир боловсруулах хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах асуудлыг санал болгосон байна. Манай улсаас хөлдөөж боловсруулсан мах авах хүсэлтэй байгаагаа төрийн тэргүүнд илэрхийлсэн байна.  Үүний хариуд манай улсад далайн бүтээгдэхүүн гар утас зэргийг нийлүүлэх бололцоотой гэжээ.  

Мөн Вьетнам улс Монгол улсад зохион байгууллагддаг олон улсын Хааны эрэлд цэргийн хамтарсан сургуульд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Түүхийн хуудсыг эргэн сөхвөл Монгол улс Вьетнамтай хүйтэн дайны үеэс эхлэн хамтарч буцалтгүй тусламж олгож байжээ.  Бие биенийгээ дэмжсэн найрсаг харилцаа энэ үеэс эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байгаагийн жишээ Асемын үеэр ийнхүү харагдаж байна. МУ-ын ерөнхийлөгчид Казакстаны ерөнхий сайд Карим Масимов бараалхах үеэр УБ Астанагийн чиглэлд шууд нислэг үйлдэх асуудал хөндөгдсөн байна.  Ийнхүү АСЕМ-ын 11 дэх өндөр дээд түвшиний уулзалт бидэнд үр өгөөжөө харамгүй өгч үр дүнгүүд нь эхнээсээ гарч эхэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө