Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон медаль гардууллаа

  М.Ариунжаргал 2019-03-18 795

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан:


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.

Гавьяат малын эмч цолоор Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгар,

Гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Лхамхүүгийн Батсүрэн,

Гавьяат багш цолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Хабисатын Хадаан нарыг шагнав.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын төрийн дээд одон медаль гардууллаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, хурандаа Нарын Пүрэвдорж,

Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн бригадын захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамба,

Алтангадас одонгоор “Жайка” олон улсын байгууллагын жолооч Сэрээтэрийн Алтанхүү,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Данаажавын Оюунцэцэг,

Цэргийн хүндэт медалиар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн багш, ахмад Лувсангийн Одмаа,

Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах 105 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Алтангэрэлийн Энхболд,

Шударга журам медалиар Онцгой байдлын Ерөнхий газрын Үндэсний аврах бригадын аврагч, ахлагч Данзанхүүгийн Отгонбаатар нарыг шагналаа.

ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГАВЬЯА ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ЭРХМҮҮДЭД ХАНДАЖ:

“Ажил хөдөлмөр, авьяас зүтгэлээрээ манлайлагчид аа.

Өнөөдөр Наурызын баяр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор манлайлагч иргэддээ төрийн шагнал, цол олгож байна.

Орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучнаар олон жил ажилласан Лхамхүүгийн Батсүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгож байна. 1972 оноос хойш урлагт зүтгэсэн Л.Батсүрэнгийн олон  сайхан дуу байдгаас “Эрийн сайхан хийморь” дуу нь 1990-ээд онд ихэд түгсэн дууны нэг болж байв. Урлагт олон жил тууштай, үр бүтээлтэй зүтгэж, манлайлсан Л.Батсүрэн гуайдаа Гавьяат жүжигчин цол авсанд баяр хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2009 онд Наурызын баярыг “ЮНЕСКО” соёлын биет бус өв хэмээн бүртгэж авчээ. 2011 онд НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар Наурызыг “Олон улсын өдөр” болгон тунхаглаж тогтоол гаргасан байна. НҮБ-аас энэ үеэр Наурызын баярыг тэмдэглэдэг улс орнуудын Наурызтай холбоотой соёл, уламжлал, ёс заншлыг хамгаалж, хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хичээл зүтгэлд баяр хүргэсэн байдаг.

Монгол Улсад энэ баярыг казах түмний хамгийн том баяр хэмээн хүндэтгэн үзэж иржээ. Наурызын өдөр болбоос байгаль орчин, ан амьтан ичээнээс сэрж амь ордог өдөр, шөнө тэнцдэг мөчлөг тохиодог. Тийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг ажээ.

Энэ баярыг угтуулан казах иргэд, манлайлагчид Жантөмөрийн Онгар, Хабисатын Хадаан нарт Монгол Улсын гавьяат малын эмч, Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг олгож байна.

Жантөмөрийн Онгар гуай 1983 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, малын их эмч, сум нэгдлийн дарга зэрэг албыг хашиж байсан. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг удирдах чиглэлээр олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүн юм.

Хабисатын Хадаан нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд багшаас өгсүүлээд захирал хүртэл тасралтгүй 38 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, олон мянган хүнд эрдэм боловсрол олгох үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн юм. Хадаан малчны хүүхдүүдийг сургууль завсардуулахгүйн тулд хөдөө бригадад хоёр ч бага сургууль байгуулан хүүхэд бүрийг боловсролтой болгохын төлөө хичээн ажилласан байгаль орчноо хайрлах тохижуулах үйлсийг түгээн дэлгэрүүлсэн багш билээ.

Та бүхэнд мөн Монгол цэргийн өдөр, Наурыз баярын халуун мэндийг дэвшүүлж, Казахын уламжлалт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүн ард эрүүл байг
Хүүхэд бүхэн жаргалтай байг
Ерөөл айлтгал биеллээ олж
Ертөнц даяар аз жаргалаар дүүрч
Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж
Наурызын баяр өлзийгөө хайрлаг аа!

Баярлалаа” гэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө