Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б.БАТЗОРИГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

  А.Болдсайхан 2018-11-07 308

      Улсын их хурлын гишүүн Батзоригийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг улсын их хурлын нэгдсэн чуулган хэлэлцэж дэмжсэнгүй. Түүнийг сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас бусдад давуу эрхтэйгээр зээл олгосон байж болзошгүй гэж хуулийн байгууллага үзсэн. Их хурлын гишүүнийг энгийн иргэнтэй адил шалгахын тулд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал улсын прокурор гаргаад байсан юм. Хэлэлцүүлгийн явцад зөвхөн батзориг гишүүний асуудал биш эрүүгийн хууль, бусад хэргүүдийг ч гишүүд сөхлөө.    

       Авлигатай тэмцэх газраас Б.Батзориг гишүүнд хэрэг үүсгэж прокурор хяналт тавин ажиллаж байгаа. Түүнийг сайд байхдаа 134 аж ахуй нэгж иргэнд 86 тэрбум төгрөгийн зээлийг 5-р сард олгосон мөн 82 аж ахуй нэгж иргэнд 25 тэрбум төгрөгийн зээл 8-р сард олгосон шийдвэрүүдийг шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Ингэхдээ эрүүгийн хуулийн 22.1.3 т заасан зүйл ангиар яллагдагчаар татжээ. Энэ зүйл ангид нийтийн албанд томилогдох эрхийг таваас найман жил хүртэл хугацаагаар хасах, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Гэхдээ улсын их хурал гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь хэрэг мөрдөн байцаалтын явцад үргэлжилж байгаа. Цаг тухай бүрт нь байцаалт мэдүүлэг өгөх боломжтой. Мөн хэргийн олон зүйл тодорхой болоогүй байгаа учраас гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагагүй гэж парламент үзлээ.

     Өнөөдрийн үүссэн асуудал зөвхөн Б.Батзоригтой холбоотой биш гэдэгтэй гишүүд санал нэгдэж байна. Монголын төрд маш олон ийм асуудал үүсч байсан. Хөгжлий банкны зээл, чингис самурай бондын зарцуулалт, үнэ тогтворжуулах хөтөлбөр, асем, концесс гээд хаашаа орсон нь мэдэгдэхгүй асар их мөнгөний зарцуулалт байгааг гишүүд хэллээ. Энэ бүхнийг эхнээс нь дахин шалгаж хариуцлага тооцох ёстойг ч онцоллоо.

     Зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан биш юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй том  мөнгөний тоо олон байгааг гишүүд хэлж байна. Энэ бүгдийг нэг тийш нь шийдэх хуулийн хайч ажиллахгүй байгааг ч шүүмжилсэн юм. Харин ерөнхий прокурор өөрийн тайлбараа хэллээ. Тэрээр энэ бүгдийг шалгахад өнөөдөр үйлчилж байгаа эрүүгийн хууль тийм ч таатай биш байгааг онцоллоо. Мөн хуулийн байгууллага хууль баталдаггүй. Баталсан хуулийг л дагаж мөрддөг гэдгийг Энх-амгалан прокурор хэллээ.

     Ийм хэлэлцүүлэг өрнөсний дараа Б.Батзоригийг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлаар санал хураалт явуулсан. 53 гишүүн оролцож 46 нь шаардлагагүй гэж үзснээр Батзориг гишүүнээр үлдэж байна. Харин хуулийн байгууллага жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн шалгалтаа үргэлжлүүлнэ. Мөн засгийн газрын тусгай сангуудад  өргөтгөсөн шалгалт хийхээр ажлаа эхлүүлсэн байгааг онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө