Португалид дэлхийд хамгийн урт дүүжин гүүр баригджээ

Технологи-360

Португалид дэлхийд хамгийн уртад тооцогдох явган хүн зорчих дүүжин гүүр барьж ашиглалтанд оруулжээ. Энэ гүүрийг Португалийн хойд хэсэгт байрлах Арока гэх газарт барьжээ. Хоёр жилийн хугацаанд баригдсан гүүрийг Пайва голын дээгүүр, 175 метрийн өндөрт барьжээ.

Португалид баригдсан явган хүний дүүжин гүүрийг барьж байгуулахад 2,3 сая евро зарцуулжээ. Энэхүү гүүр нь 516 метр урттай гэнэ. Тиймээс гүүрийг “516 Арока” гэж нэрийдсэн байна. Явган хүнд зориулсан гүүрийн албан ёсны нээлт маргааш, ням гарагт болох юм. Орон нутгийн эрх баригчид нь байгалийн үзэсгэлэнтэй газарт баригдсан дэлхийн хамгийн урт гүүр гадна дотны аялагч жуулчдын зорин ирэх газар болно гэж найдаж байна. Португалид баригдсан гүүрнээс өмнө Швейцарийн Альпын нуруунд байх Ранда суурингийн Чарльз Куонений нэрэмжит гүүрийг дэлхийн хамгийн урт дүүжин гүүр гэж тооцож байжээ. Энэ гүүр 494 метр урттай юм байна.