Австрали Улс Энэтхэгээс ирэх нислэгүүдийг хориглолоо

Ковид-19 /дэлхий/
Эх орондоо буцаж байгаа өөрийн иргэд болон албан ёсны оршин суугчид энэ хориог зөрчвөл шоронд хоригдох хүртэл шийтгэл хүлээж, өндөр торгууль ногдуулах гэнэ.
5 сарын 3 буюу ирэх Даваа гарагийн байдлаар эх орондоо буцахаар төлөвлөж буй Австралийн иргэд сүүлийн 14 хоногт Энэтхэгт байсан бол тэдний ирэх нислэгийг хориглохоор болсон байна. Хэрэв зөрчвөл өндөр торгууль төлж, шоронд хоригдох хүртэл шийтгэл хүлээх юм байна.

Баасан гарагийн орой нэн яаралтай гаргасан энэхүү шийдвэр нь Австрали Улс анх удаагаа эх орондоо буцаж буй иргэдэд гаргасан эрүүгийн хатуу журам боллоо гэж үзэж байна.

Энэ алхам нь дэлхийн хоёр дахь хүн ам ихтэй Энэтхэгээс Австрали руу ирэх зорчигчдыг зогсоох хатуу арга хэмжээнүүдийн нэг хэсэг гэнэ.

Австрали Улсын Эрүүл мэндийн сайд Грег Хантын мэдэгдэлд дурдсанаар хатуу хязгаарлалт 5 сарын 3-наас эхлэн хэрэгжинэ, зөрчсөн тохиолдолд 5 жил хүртэл шоронд хоригдох шийтгэлтэй юм байна.

Тэрээр цааш
"Засгийн газар эдгээр шийдвэрийг гаргахдаа хөнгөн хуумгай хандаагүй. Энэ бол Австралийн нийгмийн эрүүл мэнд, тусгаарлах системийн уялдааг хамгаалахад маш чухлаас гадна тусгаарлах байрууд дахь Ковид-19-ын тохиолдлын тоог өөрсдийн чадамжинд барих зорилготой"
гэжээ.

Дээрх яаралтай тогтоосон арга хэмжээг 5 сарын 15 хүртэл эхний ээлжинд хэрэгжүүлж үргэлжлүүлэх эсэхээ дахин хэлэлцэх юм байна.

Энэтхэгт энэ долоо хоногт 200 мянган нас баралт, 19 сая батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Улс төрийн жагсаал цуглаан, шашны баяр наадмуудын улмаас өргөн тархсан гэж үзэж байна.

Нөгөө талаас Энэтхэг гаралтай Австралийн иргэд үүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бодлого гэж шүүмжилж, АНУ, Их Британи, Европт адилхан давалгаалж байгаа бусад орны хүмүүстэй адил байхад өөрөө хандлаа гэж байна.

Хүний эрхийн группууд мөн энэхүү хориог эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн. Шууд шийтгэх гэхээс илүүтэй тусгаарлах системээ сайжруулах дээр засгийн газар төвлөрөх хэрэгтэй гэжээ.
"Энэ бол жигшүүртэй хариу арга хэмжээ. Австраличууд эх орондоо буцах эрхтэй."
гэж Хүний эрхийн Watch-ийн захирал Элэйн Риэрсон мэдэгдэлдээ дурджээ.

Одоогийн байдлааро Энэтхэгт 9 мянга гаруй Австраличууд гацсан байна.