Израильд шашны баярын үеэр хүмүүс золгүйгээр амиа алджээ

Үйл явдал

Израильд шашны баярын арга хэмжээний үеэр золгүй явдал болж хүмүүс амиа алдсан байна. Израилийн хойд хэсэгт болсон баярын үеэр нэг дор хэт олон хүн цугласнаас шахцалдаан үүсч, улмаар хүмүүс бие бие дээрээ гишгэчин эмх замбараагүй байдал дэгдсэнээс 40-өөд хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн байна.

Израилийн Цфат хотын Галилей гэх газарт, Мерон уулын бүсэд болсон Лаг ба-Омер шашны баярын үеэр золгүй явдал болжээ. Баярт оролцохоор ортодокс еврейчүүд олноороо цугласан байна. Иерусалим Пост сонины мэдээлж байгаагаар арга хэмжээний үеэр нэг дор хэт олон хүн цугласнаас шахцалдаан үүссэнээс индэр нурж, хүмүүс бие бие дээрээсээ унажээ. Золгүй явдлын улмаас 44 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Иудын ортодоксуудын шашны баярт оролцохоор 100-аад мянган хүн цуглажээ. Израилийн ЭМЯ-ны мэдээгээр золгүй явдал очсон түргэн тусламжийнхан 150-иад хүнд тусламж үзүүлж, биеийн байдал нь хүнд 18 хүнийг нисдэг тэргээр ойролцоох эмнэлэгт хүргэжээ.

Израилийн хэт ортодокс үзэлтнүүдийн Лаг ба-Омер шашны баярын гол арга хэмжээ Мерон ууланд болдог юм.