Америкийн реппер Канье Уэстын Nike Air Yeezy 1 загварын пүүз хамгийн өндөр үнэд хүрч зарагдсан байна. 2008 онд репер Канье Уэстийн Nike-тай хамтран загварыг нь гаргаж бүтээсэн энэ пүүз 1,8 сая долларын үнэд хүрч зарагджээ.
Сотбис дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ буюу бараг 2 сая доллараар зарагдсан Канье Уэстийн Nike Air Yeezy 1 пүүз нь цэвэр арьсаар урлаж, Y үсэг бүхий тэмдэглэгээтэй пүүз юм. 12 размерын хар өнгийн арьсан пүүзийг Канье Уэстэд зориулан ганцхан хувиар хийж, нэртэй репер энэ пүүзээ 2008 онд Grammy-гийн хөгжмийн наадамд өмсч иржээ. Сүүлд Канье энэ пүүзээ буяны дуудлага худалдаагаар зарж, саяхныг хүртэл хувийн цуглуулгад байжээ.
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй пүүзийг Rares нэртэй компани худалдан авчээ. Энэ компани ховор гутал хувцас худалдан авч, цааш үнэ хүргэн зардаг байна. Сотбис дуудлага худалдаа энэ удаад спорт гутал пүүз дагнан үнэ хаялцуулж, онлайн худалдаа 5-р сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.