АНУ-д 96 сая хүн вакцинд бүрэн хамрагджээ

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-ын цар тахлын халдварын жагсаалтад эхний мөрөнд бичигдсээр ирсэн АНУ-д өнөөдрийн байдлаар 230 сая иргэн вакцинд хамрагдсанаас 96 сая иргэн коронавируст халдварын эсрэг вакцинд бүрэн хамрагдаж, вакцины паспорттой болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны тэргүүнээр ажиллаж эхэлсэн эхний 100 хоногтоо улсынхаа 100 мянган иргэнийг вакцинд хамруулах амлалт өгөөд байснаа давуулан биелүүлжээ.

АНУ-д иргэдээ цар тахлын эсрэг вакцинд хамруулах ажил өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр эхэлж, өнөөдрийн байдлаар 96 сая хүн буюу нийт хүн амынхаа 37%-ийг дархлаажуулаад байна. Хэдийгээр АНУ-д ерөнхийлөгч Трампын үед цар тахлын эсрэг вакцин боловсруулах болон үйлдвэрлэх үйл явц эхэлсэн ч Байдены засгийн газар вакцинжуулах үйл явцыг голчлон зохион байгуулж хийж эхэлсэн юм. АНУ-ын мужуудад 4-р сарын сүүлч гэхэд нэмж 290 сая тун вакцин нийлүүлнэ. Ийнхүү вакцинжуулах ажлыг эрчтэй явуулж эхэлснээр Америкт цар тахлын халдварын тохиолдол буурч, нас баралт багасчээ.

Байденыг тангарагаа өргөсөн 1-р сарын 20 өдөр л гэхэд өдөрт 3 мянган шинэ халдвар илэрч байсан бол өнөөдөр энэ тоо 700 болж буурчээ. Нийтдээ цар тахлын халдварын дэгдэлт Америкт 73%-иар буурч, коронавируст халдварын тархалтыг хумиж чадсан байна. АНУ-д цар тахал дэгдсэнээс хойшхи 14 сарын хугацаанд 33 сая хүн коронавируст халдвар авсан нь энэ улсын 10 иргэн тутмын нэг нь гэж тооцогдож байжээ. Түүнчлэн Америкт өнгөрсөн хугацаанд 590 мянган хүн цар тахлаар амиа алдсан байна.