Индонезид сураггүй болсон цэргийн шумбагч хөлөг осолджээ

Үйл явдал

Индонезийн Бали арлын ойролцоо энэ сарын 21-нд сураггүй алга болсон тэнгисийн цэргийн хүчний Nanggala-402 шумбагч хөлөг онгоцыг живсэнд тооцжээ. Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо цэргийн шумбагч хөлөг онгоцыг эрж хайх ажил амжилтад хүрээгүй, мөн хөлөг дээр хүчилтөрөгчийн нөөц дууссан учраас хөлгийн багийнхан золгүйгээр амиа алдсанд тооцон, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ.

Индонезийн цэргийн шумбагч хөлөг онгоц Бали арлаас хойд хэсэгт сургуулилт хийж яваад сураггүй алга болсон юм. Шумбагч онгоцон дээр багийн 53 гишүүн явжээ. Цэргийн шумбагч хөлөг онгоцтой өнгөрсөн лхагва гарагийн өглөө холбоо тасарсан юм. Индонезийн цэргийнхний мэдээлснээр шумбагч хөлөг торпедний харвалтын сургуулилтад оролцох ёстой байсан ч ерөнхий командлалаас байрлалаа өөрчилж, далайн илүү гүн хэсэг рүү буух зөвшөөрөл авсны дараагаар холбоо тасран сураггүй болжээ.

Аврах, эрэн хайх ажиллагаанд цэргийн 18 хөлөг, эргүүлийн хамгаалалтын 4 хөлөг, мөн Үндэсний онцгой байдлын албаны 3 хөлөг оролцсон ч шумбагч хөлгийг олоогүй байна. Индонезийн тэнгисийн цэргийн хүчний төв штабын командлагч, адмирал Юдо Маргоно-гийн мэдээлснээр аврагчид нисдэг тэргээр хийсэн тандалтын үеэр далайн усны мандал дагуу түлшний толбо бүхий хэсэг, мөн торпедны эд анги, исламын мөргөлийн хивсэнцэр зэргийг илрүүлжээ. Үүнээс үүдэн шумбагч хөлөг осолдон живсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Одоогоор шумбагч хөлгийг, далайчдын цогцсыг гаргаагүй байна.