Америкийн хөгжмийн нэртэй продюсер Фил Спектор 82 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр поп хөгжмийн хөгжил, түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг продюсер байсан ч сүүлийн 20-иод жилд хүн амины хэргээр шоронд хоригдож байжээ.

Фил Спектор 2003 онд жүжигчин Лана Кларксоны аминд халдсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонсон, таалал төгсөх хүртлээ Калифорнийн шоронд хоригдож байжээ. Тэрээр хорвоогийн жам ёсныхоо дагуу таалал төгссөн гэж Калифорнийн засан хүмүүжүүлэх газраас  гаргасан албаны мэдэгдэлд дурьдсан байна.

Фил Спектор нь 70-аад оноос эхлэн Америкийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж, олон амжилттай төсөл хэрэгжүүлэн, нэр алдарт хүрсэн хамтлаг дуучдыг гаргаж ирсэн юм. Тэрээр Ливерпулийн алдарт дөрвөл болох Битлз хамтлагийн сүүлийн цомгийн продюсераар ажиллаж байжээ. Фил Спекторын нэрийг 1989 онд Америкийн хөгжмийн рок-н-роллын алдрын танхимд мөнхөлсөн байна.