Мьянмарт баривчлагдсан Японы сэтгүүлчийг суллахад уриалжээ

Үйл явдал

Мьянмарт дэгдсэн дотоодын улс төрийн тогтворгүй байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар очсон Японы сэтгүүлч Китамузи Юки өнгөрсөн ням гарагт Янгон хотоос баривчлагджээ. Тэгвэл ажил үүргээ гүйцэтгэж яваад саатуулагдсан гадны сэтгүүлчийг нэн даруй суллахыг шаардсан уриалгыг Япон улс болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага гаргасан байна. 

Японы эрх баригчид Мьянмарын аюулаас хамгаалах хүчинд хандан Янгон хотоос баривчлагдсан сэтгүүлчийг нэн даруй суллахыг хүсчээ. Сэтгүүлч Китазуми Юкиг өнгөрсөн ням гарагт Мьянмарын цэрэг армийн 50-иад албан хаагч саатуулан баривчилсан байна. Ингэхдээ Мьянмар дахь Японы ЭСЯ-ны мэдээллээр сэтгүүлчийг санаатайгаар буруу ташаа мэдээлэл тараасанд буруутган баривчилжээ. Хэрвээ түүнийг сэтгүүлчийн эрх мэдлээ буруугаар ашиглаж, бусдад худал ташаа мэдээлэл тараасан нь батлагдвал 3 жил хүртэл хугацаагаар хорьж болзошгүй гэнэ.