Бүгд Найрамдах Латви Улсын иргэн манай улсад мөнгө угаасан байж болзошгүй

Эрх зүй

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадны компанийн дансаар их хэмжээний валют орж ирж байгаа асуудлыг цагдаагийн байгууллага өнгөрсөн оны 1-р сараас эхлэн мөрдөн шалгасан байна.

Улмаар  Абба Плюс гэх барилгын материалын худалдаа эрхлэх зориулалтаар 2018 онд байгуулагдсан компанийн дансаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нь тогтоогджээ.  Байгуулагдсан цагаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй компанийн дансаар ОХУ, Казакстан, Украйн гэх 13 орноос  4.6 сая евро, 3.9 сая ам доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөг шилжин оржээ. Их хэмжээний валют шилжин орсны дараа 1.7 сая евро, 3 сая ам долларыг БНХАУ, Солонгос, Латви зэрэг 11 орнууд руу шилжүүлсэн байна.  Мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдэлд Бүгд Найрамдах Латви Улсын иргэн холбоотойг тогтоосон ч өнгөрсөн оны 12 сард яваад одоог хүртэл манай улсад ирээгүй байна.

Энэ сарын 12-ны өдөр прокурорын зөвшөөрлийн дагуу иргэн М-ийн гэр оффист нэгжлэг хийхэд олон тооны хүрэн баавгай, шилүүс зэрэг ан амьтны эд эрхтэн олдсон байна. Иргэн М нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах хуулийн байгууллагын ажилтан алба хаагчдад авлига өгөхийг завдсан тул нэг сарын хугацаанд саатуулаад байгааг мэдээллээ. Тус иргэн олон улсын шинжтэй мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.