Японы хойд нутагт “лупит” хар шуурга дэгджээ

Үйл явдал

Японы хойд хэсэгт цаг агаар тогтворгүй, хүчтэй салхи шуургатай, аадар бороо үргэлжлэн орж байна. Лупит нэр авсан далайн шуурга Японы хойд нутгаар салхи шуурга, хүчтэй аадар бороо дагуулжээ.

Японы цаг уурын албаны мэдээгээр мягмар гарагт Хоккайдо мужийн Хокуто-Ситид 33 мм хур тунадас орсон бол Ниигата мужийн Сибата хотод 22 мм хур тунадас оржээ. Түүнчлэн Аомори мужийн Муцу хот, мөн Казамаура тосгонд 100 мм хур тунадас орж, үер усны гамшиг нүүрлэх аюултай болсон байна.

Цаг уурчид Хоккайдо, Аомори, Иватэ, Гифу зэрэг мужид байгалийн онц үзэгдэл нүүрлэж болзошгүйг анхааруулж байна. Японы хойд нутгаар өргөн зурвас газрыг хамран хүчтэй салхи шуургатай байгаа юм. Зарим үед салхины хүч цагт 107 км хүртэл ширүүсэн шуурч байжээ. Түүнчлэн Лупит хар шуурганы улмаас Японы зүүн болон хойд нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.