АНУ-ын Нью Йорк мужийн амбан захирагч огцорлоо

Улс төр

АНУ-ын Нью Йорк мужийн амбан захирагч, Ардчилсан намын улс төрч Эндрю Куомо албан сэнтийгээсээ буулаа. Тэрээр энэ тухайгаа мэдэгдэж, ажлаа хоёр долоо хоногийн дараа шилжүүлэн өгөх болно гэсэн байна.

Нью Йорк мужийн амбан захирагч ажлаа өгснөөр түүний эрх үүрэг мужийн дэд захирагч Кэти Хочулын мэдэлд шилжих юм. Ингэснээр Нью Йорк мужийг анх удаа эмэгтэй улс төрч тэргүүлэх нь ээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Нью Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомог албан сэнтийгээсээ сайн дураараа буухыг өнгөрсөн долоо хоногт шаардсан юм. Цагаан ордны тэргүүн Нью Йорк мужийн амбан захирагчийн нэр холбогдсон бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг, үүнтэй холбоотой дуулиан шуугианы дараа мэдэгдэж, шаардлага хүргүүлжээ. 

Нью Йорк мужийн прокурор Летиция Жеймс Куомод холбогдох бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 11 эмэгтэйгээс шүүхэд гомдол ирснийг мэдэгдэн, энэ бүх хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхэлсэн гэжээ. Куомо түүнд холбогдох хэргийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм.