Ц.Цолмонбаатар: Нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр төрлийн могой хаа сайгүй тархаад байна

Нийгэм

Туул голын ойролцоо могойд хатгуулж нас барсан иргэн гараа тайруулсан ч хор бүх биеэр нь тарсан байжээ.

ХУД-ийн 15-р хороонд байрлах Маршалын гүүрний ойролцоох Туул голд иргэн Б сэлж гарч ирээд могойд хатгуулсан байсан. Тэрээр тухайн үед хатгуулсан эсэхээ мэдээгүй ч хоёр хоногийн дараа гар нь хавдаж ГССҮТ-д очин гараа тайруулсан хэдий ч хор бүх биеэр нь тархаж улмаар нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Энэ сарын 2-ны өдөр могойд хатгуулсан тэрээр дөрөв хоногийн дараа буюу 6-ны өдөр өвчнөө даалгүй нас барсан. Тэгвэл бамбай хоншоорт гэх хорт могой нийслэлийн нутаг дэвсгэрт хаа сайгүй тархсан байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Он гарснаас хойш нийслэлийн суурьшлын бүсэд могой орж ирсэн 10 гаруй дуудлага бүртгэгджээ. Дийлэнх тохиолдолд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд могой орж ирсэн байна.

Могойд хатгуулсан даруйд хүнд мэдрэгдэх зүйл байдаггүй. Төдийлөн өвдөлт мэдрэгддэггүй гэдгийг албаны хүн онцоллоо. Тиймээс иргэд өндөр өвстэй газраар явахдаа орчноо сайтар ажиглаж аль болох түрийтэй гутал өмсөж байхыг зөвлөж байна.

Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг санууллаа. Мөн суурьшлийн бүсэд могой харсан бол Нийслэлийн байгаль орчны газарт дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэйг зөвлөж байна.