Японы иргэд Нагасаки хотод болсон цөмийн халдлагын ойг нэхэн дурслаа

Үйл явдал

Японы иргэд Нагасаки хотод болсон цөмийн бөмбөгдөлтийн ойг нэхэн дурслаа. Одоогоос 76 жилийн өмнө Америкийн цэргийн онгоцнууд Японы Хирошима болон Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаяж, хүн төрөлхтөний түүхэн дэх балмад техногенны дайралт хийсэн юм.

Одоогоос 76 жилийн тэртээ, 1945 оны 8-р сарын 9-ний өдрийн 11 цаг 2 минутад Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц Нагасаки хотын дээр “Бүдүүнээ” нэртэй цөмийн бөмбөг хаясан юм. Нагасаки хот нь Хирошима хотын араас Америкийн цөмийн бөмбөгдөлтөд өртсөн хоёр дахь хот болжээ. Японы иргэд Нагасаки хотын дээр хаясан цөмийн бөмбөгийн аюул гамшгийг нэхэн дурсч, тэрхүү балмад халдлагад өртөн амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэжээ.

Нагасаки хот цөмийн дайралтад өртөх үед хотын 70 мянган иргэн амиа алдаж, хот газрын хөрснөөс бүхэлдээ арчигдахад хүрсэн юм. Цөмийн аюул гамшиг олон жилийн туршид үргэлжлэн, өнгөрсөн нэг жилийн хугацаанд “хибакуся” буюу цөмийн дайралтыг давж гарсан ч амиа алдсан иргэдийн тоо дахин 3 мянгаар нэмэгджээ. Нийтдээ Америкийн цөмийн халдлагад Нагасаки хотын 189 мянган иргэн өртсөн байна. Нагасаки хотод болсон гашуудлын ёслолд Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга, Нагасаки хотын амбан захирагч Томихиса Тауэ нар оролцжээ.