Германы Леверкузен хотын химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ

Үйл явдал

Германы баруун хойд хэсэгт байрлах Леверкузен хоты аж үйлдвэрийн парк дахь химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ. Золгүй явдлын улмаас эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 2 хүн амиа алдаж, 31 хүн гэмтсэн байна. Түүнчлэн өөр хэд хэдэн хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна.  

Леверкузен хотын химийн үйлдвэрт мягмар гарагт хүчтэй дэлбэрэлт болжээ. Эхлээд золгүй явдлын улмаас нэг хүн нас барсан гэж байсан ч сүүлд бас нэгэн хүний цогцос олджээ. Түүнчлэн 5 хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна. Тэгвэл хүчтэй дэлбэрэлтийн үеэр гэмтэж түлэгдсэн 31 хүний 5 нь эмнэлэгт хүнд байдалтай хүргэгджээ. Хүчтэй дэлбэрэлт аж үйлдвэрийн паркийн аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэрт болжээ.

Одоогоор дэлбэрэлт болсон шалтгаан нөхцлийг тогтоогоогүй байна. Үйлдвэрт болсон дэлбэрэлтийн дараа гарсан галыг унтраахад 3 цаг шаардагджээ. Леверкузен хотын эрх баригчид орон нутгийн иргэдээ цонх хаалгаа хааж, дэлбэрэлтээс үүдэлтэй агаарт дэгдсэн хорт утаанаас сэрэмжтэй байхыг хүсчээ. Түүнчлэн мэргэжилтнүүд химийн үйлдвэрт гарсан галын улмаас агаарт дэгдсэн хорт хийн хэмжээг тогтоохоор ажиллаж байна.