“Токио-2020” олимпийн наадмын нээлтийн хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч халагджээ

Энтертэйнмент

Хүн төрөлхтөний спортын их наадам болох “Токио-2020” Олимпийн наадмын нээлтийн ёслолын сүлд дууны хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч Кейго Оямада Олимпийн нээлтийн ёслол хариуцсан багийн бүрэлдэхүүнээс хасагджээ. Түүний нэр холбогдсон таагүй шуугиан дэгдсэн нь хөгжмийн зохиолчийг ажлаа орхиход хүргэсэн байна.

52 настай Японы хөгжмийн зохиолчийг 1994 онд нэгэн хөгжмийн сэтгүүлд ярилцлага өгөхдөө багадаа үе тэнгийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дээрэлхэн шоглож байснаа хүлээсэн ярилцлагынх нь төлөө ийнхүү хариуцаж байсан ажлаас нь чөлөөлжээ. Хэдийгээр тухайн үед Оямада багадаа гаргаж байсан дээрэнгүй зангийнхаа төлөө уучлалт гуйж хүлцэл эрсэн ч түүний нэртэй холбоотой шуугиан дахин дэгджээ.

Хөгжмийн зохиолч олон нийтээс хүлцэл эрсэн хэдий ч Япончууд түүний гаргасан алдааг уучлаагүй байна. Улмаар Кейго Оямада Токиогийн Олимпийн нээлтийн ёслол хариуцсан багийн бүрэлдэхүүнээс гарч байгаагаа мэдэгджээ. Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүтогийн мэдээлснээр Олимпийн нээлтийн ёслолын үеэр эхний 4 минутад эгшиглэх ёстой байсан Оямадагийн хөгжмийг хасахаар болсон байна.