Японы иргэд Олимпийн наадмыг эсэргүүцсээр байна

Үйл явдал

 

Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулагчид спортын уралдаан тэмцээнийг аюулгүй явуулахын тулд бүх бэлтгэлээ хангасан гэж үзэж байгаа ч арлын Японы иргэд сүүлийн мөчийг хүртэл наадам явуулахыг эсэргүүцсээр байна.

Японы иргэдийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийн 68% нь Олимпийн наадмыг аюулгүй явуулж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн санал асуулгад оролцогсдын 76% нь Олимпийн наадмын тэмцээн уралдааныг үзэгчгүй явуулах шийдвэрийг дэмжиж, 17% нь эсэргүүцсэн байна. Мөн сүүлийн санал асуулгаас өмнө Японы иргэдийн 87% нь Олимпийн наадам зохион байгуулснаар улс оронд нь цар тахлын халдварын дэгдэлт нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд байжээ.

Тэгвэл энэ хооронд улс орнуудын баг тамирчид Япон улсад ээлж дараалан ирсээр байгаа юм. Олимпийн наадамтай холбоотой газруудад халдвар хамгааллын дэглэмийг сайтар, чандлан мөрдөж байгаа ч Олимпийн тосгонд коронавирусний 4 дэх тохиолдол бүртгэгджээ. Энэ удаад элсний волейболын спортын төрөлд хүч үзэх Чехийн шигшээ багийн гишүүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүнчлэн үүнээс өмнө Өмнөд Африкийн хөлбөмбөгийн багийн 2 тамирчин, мөн шууд уралдаан тэмцээнд оролцохгүй багийн гишүүнээс коронавирус илэрсэн юм. Хэдийгээр ийнхүү 4 хүнд цар тахлын шинж тэмдэг илэрсэн ч Олимпийн тосгонд цар тахлын нөхцөл байдал аюулгүй гэдгийг зохион байгуулагчид нь мэдэгдэж байна.