Англи Улс цар тахлын үеийн хөл хорионоос салж, “Эрх чөлөөний өдөр”-өө тэмдэглэж байна

Үйл явдал

Англи улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байсантай холбоотойгоор удаан хугацааны туршид хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн. Тэгвэл ням гарагаас даваад шилжих шөнөөс эхлэн Англи оронд коронавирустай холбоотой хөл хорионы дэглэмийг цуцлан, энэ улсын иргэд удаан хүлээлгэсэн “эрх чөлөөний өдөр”-өө тэмдэглэн, гудамж талбайдаа гарч, баярлан цэнгэжээ.

Англид даваа гарагаас эхлэн цар тахалтай холбоотой мөрдөгдөж байсан бүх дүрэм журам, хорио хүчингүй болжээ. Тэр дундаа хаалттай битүү орон зайд зайлшгүй амны хаалт зүүх журам ч халагдсан байна. Английн иргэд ийнхүү удаан хүлээсэн өдрөө “эрх чөлөөний өдөр гэж нэрлэн, гудамж талбайдаа гарч баяраа тэмдэглэжээ. Энэ улсад ресторан зоогийн газрууд, цэнгэлдэх хүрээлэнгүүд, спорт зал, кино театр, шөнийн клуб гэхчлэн нэг дор олон хүн цугладаг газрууд үүд хаалгаа дахин нээжээ. Английн шөнийн цэнгээний газрууд өнгөрсөн шөнө хөл хөдөлгөөн ихтэй байж, иргэд эрх дураараа байж шөнийг унталгүй өнгөрүүлжээ.

Их Британи улс цар тахлын дэгдэлтээрээ дэлхийд 7-р бичигдэж, энэ улсад коронавирусний 5 сая 400 гаруй мянган тохиолдол бүртгэгдсэнээс нас баралт 129 мянга байгаа юм. Хэдий нөхцөл байдал хүнд байсан ч Их Британи Европын орнуудаас цар тахлын эсрэг вакцинжуулалт дархлаажуулалтыг хамгийн өндөр хувьтай явуулж, насанд хүрсэн нийт иргэдийнхээ 87%-ийг вакцинд хамруулаад байна.