Цар тахлын хүнд нөхцөлд эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд УИХ-ын эдийн засгийн байнгын хороо ачаалалтай ажиллаж байгаа.

Тус байнгын хороо намрын чуулганы хуралдаанаар гурван гол асуудлыг шийдсэн.

Тухайлбал Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Хуулийн шинэчлэлээр банкны салбарт тавих хяналт сайжирч, нэг хүний хараат байдлаас гаргасан. Банкны хувь эзэмшигч хориос дээш хувийг эзэмшихгүй байхаар хуульчилсан нь банкууд хувьцаат компанийн зарчмаар ажиллаж, тэр хэрээр хөрөнгийн зах зээл хүрээгээ тэлэх ач холбогдолтой юм. Үүнээс гадна төрөөс мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлахдаа цар тахлын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ажлыг тусгасан. Уг ажлыг эрчимтэй явуулж байгааг байнгын хорооны дарга онцоллоо.

Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцүүлгээ хүлээж байгаа 15 хуулийн төсөл байна. Тус байнгын хороо өндөр ачаалалтай байгаа нь цар тахлын нөхцөл байдалтай шууд холбоотой. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг, валютын зохицуулалтын тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль болон хоршооны, төмөр замын, зэрэг эдийн засагийн өндөр ач холбогдолтой хуулийн төслүүд хэлэлцүүлгээ хүлээж байгаа юм.

Эдийн засгийн байнгын хороо цар тахлын үед хүндэрч байгаа аж ахуй нэгжүүдийг төсөв мөнгөний бодлогоор хэрхэн дэмжих ажлуудыг эрэмбэлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ засгийн газартай хамтарч саналаа нэгтгэн тогтоол боловсруулж УИХ-д өргөн барина гэдгийг байнгын хорооны дарга онцоллоо.