ЭМЯ: Хөхүүл эмэгтэйн тархинд цус харваж нас барсан

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: "43 настай эмэгтэй тавдугаар сарын 10-ны өдөр нас барсан. Тухайн эмэгтэй нь төрөөд 40 хонож байсан байна. Хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийснээс нэг эх эндлээ гэх мэдээлэл гарч, вакцинжуулалтын ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул мэдээлэл хийж байна. Вакцины дараах хариу урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох тусгай хороо ажилладаг. Энэ удаагийн тохиолдлын задлан шинжилгээ хийгдсэн байна. Эмгэг судлалын шинжилгээгээр урьдчилсан байдлаар талийгаач бүсгүйн нас барсан шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тогтоогдож эхэлж байна.

Тухайн эмэгтэй нь тархины суурийн судасны өмнөд артерийн духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт судасны том хэмжээний цүлхэнтэй байсан байна. Цүлхэн нь хагарснаас тархины хоёр далбан хэсгийн суурийн хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Улмаар уг эмгэгийн улмаас нас барсан байна гэх урьдчилсан дүгнэлт гараад байна. Энэ эмгэгийн улмаас нас барах эрсдэл 60-87 хувь байдаг. Мэс заслын эмчилгээ хийгдсэн ч хагалгааны дараах 14 хоногт нас баралт 16 хувьтай байдаг. Судалгаагаар жилд 10 орчим жирэмсэн эмэгтэй эсхүл хөхүүл ээж нарт энэ эмгэг тохиолддог. 2019 оны байдлаар цус харвалтын улмаас хоёр эх эндсэн статистик байдаг. Үүнд даралт ихсэлт, гэмтлийн шалтгаантай зэрэг нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс бий. Уг эмэгтэй нь даралт ихсэлтээс болж сүүлийн жилүүдэд хяналтад байсан. Санамсаргүй байдлаар вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.