Энэтхэгт цар тахлын халдвар 20 саяд хүрчээ

Ковид-19 /дэлхий/

Энэтхэгт цар тахлын халдварын тохиолдол буурахгүй байна. Тэрбум 300 сая хүн амтай энэ улсад COVID-19 коронавирусний халдвар 20 саяд хүрч, нас барсан хүний тоо 219 мянга болжээ. Түүнчлэн сүүлийн 24 цагт шинээр 368 мянган тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэтхэгийн албаны мэдээгээр халдварын тохиолдлыг ийнхүү нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ тоо илүү байхыг үгүйсгэхгүй байна. Энэтхэгийн эрх баригчид цар тахлын халдвар өндөр байгаа нийслэл Нью Дели хотод онцгой байдлын дэглэм, хөл хориог дахин 7 хоногоор сунгажээ. Улс оронд нь ийнхүү цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай зэрэгцэн Баруун Бенгал мужид орон нутгийн сонгууль болж, ерөнхий сайд Нарендра Модигийн эрх баригч нам энэ мужид сонгуульд ялагдал хүлээжээ. Иргэд сонгогчид төр засгаа улс оронд нь цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнд буруутган, халдварыг хумих, урьдчилан сэргийлэх тал дээр хангалтгүй ажилласан гэж үзэж байна.