Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулж, цахимаар бүртгэл хийхээр төлөвлөж байна

Нийгэм
Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэрийг засгийн газраас гаргаад нэг жил болж байна. "Ковид-19" цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа гол арга хэмжээний нэг нь хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэр юм. Тэгвэл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болоод сангийн яамнаас энэ сарын хүүхдийн мөнгийг эрт олгох ажлыг хамтран хэрэгжүүлж өчигдрөөс хүүхдүүдийн мөнгийг шилжүүлж эхлээд байна. 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болоод салбан яамнаас хүүхдийн мөнгө олгох журмын төслийг өөрчлөн боловсруулж засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл байдлыг хангаж байна. Ингэхдээ аль болохоор хүүхдийн мөнгө олгохтой холбоотой асуудлуудыг цахимжуулахаар төлөвлөжээ. Тухайлбал шинээр мөнгө авах хүсэлтийг цахим хэлбэрээр авдаг байхаар журамд өөрчлөлт оруулжээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оны 6-р сарыг дуустал 100 мянган төгрөгөөр олгоно. Үүнд нийтдээ 864 тэрбум төгрөг төсөвт тусгагдсан байна. Улсын хэмжээнд нийт 1,2 сая хүүхэд мөнгөн тэтгэмж авч байгаа юм.